Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт
Монгол Ардын Намаас нэр дэвшигч
Цэндийн
МӨНХ-ОРГИЛ

Миний зарчим:

Эзэн хичээвэл Заяа хичээнэ

Гадаад явдлын яамны залуухан дипломатаар хөдөлмөрийн гараараа эхлэхдээ би Гадаад харилцааны сайдаар ажиллана гэж бодож байсангүй. Хүсэж мөрөөдөж эзэмшсэн мэргэжлээ төрийн хууль тогтооход зориулж яваа минь хуульч болсны нэгэн завшаан юм.

  • 1964 он

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн

  • 1982 он

    Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсөв

  • 1982-1983 он

    Ардын армийн 282 дугаар ангид цэргийн албан хаав

  • 1988 он

    Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль (МГИМО)-ийг төгсөв.
    (Аав, дүүгийн хамт)

  • 1988-1991 он

    Гадаад харилцааны яаманд дипломат ажилтан

  • 1991-1995 он

    Монгол Улсаас
    НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийн газарт улс төр, эрх зүйн асуудал хариуцсан III, II нарийн бичгийн дарга

  • 1996 он

    Харвардын Их Сургуулийн Хуулийн Сургуулийг төгсөв

  • 1996-1997 он

    АНУ-ын Вашингтон хотноо хуулийн пүүст хуульч

  • 1997 оноос

    Хуулийн зөвлөгөө өгөх хувийн компанийн Ерөнхий захирал

  • 2000-2004 он

    Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд

  • 2004-2008 он

    Улсын Их Хурлын гишүүн

  • 2004-2006 он

    Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

  • 2007-2008 он

    Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

  • 2008-2012 он

    Улсын Их Хурлын гишүүн

  • 2012-2016 он

    Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга

  • 2016-2017 он

    Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

  • 2016-2020 он

    Улсын Их Хурлын гишүүн

  • Тайлан

Би 1964 оны аравдугаар сарын 18-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. Миний аав, ээж хоёулаа эмч. Аав Н.Цэнд маань Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. Ээж Б.Эвшинхүү маань Ховд аймгийн Дарви сумынх. Намайг төрсний дараа аав, ээжийн ажлын томилолт дууссанаар манайх 1968 онд хот руу шилжиж ирсэн ба 1-р төрөхийн хашаа, 50 мянгат, микр орчимд тоглож өссөн. Гэрт ойрхон түүнчлэн гадаад хэл сурах зэргээс үүдэн 23 дугаар дунд сургуульд орж суралцсан юм. Багадаа нисгэгч, архитектор, дараа нь сэтгүүлч болохыг мөрөөддөг хүүхэд байлаа. Харин 10 дугаар ангиа төгсөх жилээ “Үнэн“, Оросын сонинуудыг шимтэн уншаад олон улсын харилцааг илүүтэй сонирхох болсноор МГИМО буюу Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд шалгалт өгөн тэнцэж, суралцсанаар өдгөөгийн энэхүү мэргэжлээ эзэмшсэн. Сургуульд явахаар бэлтгэж байх үедээ цэргийн зарлан дуудах хуудас авснаар Төв аймгийн Баянчандмань сум дахь Ардын армийн 282-р ангид хуваарилагдсан. Цэрэгт татагдах өдөр ээжийн ах, бидний дууддагаар Жаажаа маань цэргийн алба хаасан хашир туршлагатай нэгэн гэсэндээ Микрийн үйлчилгээний төвийн үсчин рүү намайг дагуулан явж, үсийг минь хусуулж, хөлөө ороохыг зааж өгч байсныг тодхон санаж байна. Би цэргийн албанаас амьдралын арга ухаанд суралцаж, олон сайхан найзтай болсондоо баярлаж явдаг. Одоо ч цэргийн андуудтайгаа нөхөрлөж байна.

Хугацаат цэргийн албанаас халагдаад 10 ч хонолгүй Москвагийн вагонд суун эрдмийн замд гарсан юм. Хүний газар аав, ээжийгээ санадаг байсан ч хичээл номдоо шамдсаар нэг мэдэхэд 5 жилийн хугацаа өнгөрч Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг дипломатч, эрх зүйч мэргэжлээр төгссөн юм. Суралцах хугацаандаа Орос хэлнээс гадна НҮБ-ын албан ёсны хэл болох Англи, Франц хэлийг хичээн сурсан хэдий ч хэл мэдлэг биш, мэдлэгийг олж авах зэвсэг гэдгийг би эцэст нь ойлгосон. Мэргэжлийн сургуулийг нь төгссөн ч гэлээ энэ салбарын “томчууд” болох М.Дүгэрсүрэн, Ц.Гомбосүрэн сайд нар зэрэг ахмадууд гадаад харилцааны талаарх мэдлэг харамгүй хуваалцсанд талархаж явдаг. Ийнхүү салбарын талаар багагүй суралцсан би Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт 1991 онд томилогдож, улс төрийн асуудал хариуцсан III, II нарийн бичгээр ажиллах болсон. Монгол Улсын Сагсан бөмбөгийн холбооноос хойд Америк дахь төлөөлөгч болох санал ирсэн ба сагсан бөмбөг тоглох сонирхолдоо хөтлөгдөн тавьсан саналыг хүлээн авч Монгол Улсын сагсан бөмбөгийн гадаад харилцааг сайжруулах, мэргэжлийн хувцас, хэрэглэлээр хангах, дүрэм боловсруулах ажлуудыг хийж орчин цагийн сагсан бөмбөгийг хөгжүүлэх үйлст гар бие оролцсондоо сэтгэл дүүрэн явдаг.

Хэл өөрөө мэдлэг биш.
Гэхдээ мэдлэгийг олж авах
хамгийн хүчтэй зэвсэг юм

НҮБ-ын томилолт дууссаны дараа Ц.Гомбосүрэн сайдын зөвлөснөөр Харвардын Их Сургуульд шалгалт өгч Хуулийн сургуульд нь тэнцсэн юм. Москвагийн Их Сургуулийн сургалтын арга барил Харвардын Их Сургуулийнхаас өөр байсан нь хүн цаг үеэ даган өөрчлөгдөх ёстойг ухааруулсан. Эрх зүйч мэргэжил эзэмшиж, Нью-Йорк мужийн Хуульчдын холбооны шалгалтыг өгснөөр АНУ-д өмгөөлөл хийх эрхтэй болсон. Энэ нь Монгол Улсыг төлөөлж Арбитрын шүүхэд олон удаа ялалт байгуулахад маш их тус нэмэр болсон гэдгийг дурдах нь зүйтэй байх аа. Хувийн хуулийн компаниас улс төрд хөл тавьж 2000 онд элссэн. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж, Монгол Улсын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажилд хамцуй шамлан орж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Марубени” гэх хэргээр Арбитрын шүүхэд ялалт байгуулан эх орноо олон сая ам.долларын өр төлбөрөөс гаргаж байсан нь саяхан мэт санагдаж байна. МАХН-аас итгэл үзүүлж УИХ-ын 2004 оны ээлжит сонгуульд нэр дэвших эрх олгосноор Сүхбаатар дүүргийнхээ иргэдийн төлөөлөл болж, хууль боловсруулах ажлын гараагаа эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа иргэдийн өдөр тутмын амьдралыг зохицуулдаг нэн чухал хуулиуд болох Иргэний, Эрүүгийн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх, Ипотекийн, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны, Даатгалын, Авилгын эсрэг, Олон нийтийн радио, телевизийн зэрэг хуулиудыг бичиж боловсруулан, батлуулжээ.

Хуулийн цөм бол
ёс суртахуун юм

Одоогийн буюу 2016-2020 оны парламентад гишүүнээр ажиллах хугацаанд Үндсэн хуульд оруулах, нэмэлт, өөрчлөлтийн төсөл, сургуулийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах тухай хууль, Улсын бүртгэлийн багц хууль, Стандартчиллын тухай хууль зэрэг 18 хуулийг санаачлан боловсруулж, батлууллаа. Гадаад харилцааны сайдаар 2016-2017 онд ажиллахдаа гадаад худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, тэдний итгэлийг сэргээхэд анхаарсан.

Гадаад бодлогын салбарт
улс төрийн ашиг хонжоо байх ёсгүй

Эдгээр хариуцлагатай ажил үүргээс гадна өөрийн сонгогдсон тойргийнхоо иргэдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжиж, эмнэлгүүдэд нэн шаардлагатай байсан дэвшилтэд тоног төхөөрөмжийг суурилуулж, иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллахыг түлхүү хичээлээ.

Тайлан

Утас: (51)262918
И-мэйл: munkhorgil.official@gmail.com
Туслахын утас: 9911-3829
Бие төлөөлөгчийн утас: 8000-6076

Веб хуудас: munkh-orgil.mn
Фэйсбүүк пэйж: Цэндийн Мөнх-Оргил
Фэйсбүүк групп: М60
Твиттер: @MunkhOrgil_Ts

Төлөөлөгчийн байрны утас: 7007-7008
Ахмадын клубын утас: 7017-7008
Төлөөлөгчийн байрны хаяг: СБД, 8-р хороо, 1-р байр, 8-р орц
Ахмадын клубын хаяг: СБД, 10-р хороо, “Эмон” төв, 1-р давхар

Loading...
Loading...
Loading...